Thursday, March 24, 2011

СЭХЭЭТНИЙ ГАМБИТ


Цагаан морин жилийн хувьсгал ялсны 20 жилийн ойн баярыг өнгөрсөн жил бид улс даяараа нижгэр тэмдэглэлээ. Харин тэгж хөл хөөр болж баярлах нь хэр зохистой вэ гэдэгт хэн ч эргэлзсэнгүй, бүгд л найр хурим, шагнал, бүрээ, туг болоод өнгөрлөө. Гэтэл бид тэгтлээ баярлах үндэс бийсэн билүү? Хүнд хүчир, тэмцэл мөргөлдөөнтэй, магадгүй зарим талаараа түгшүүртэй ч ардчилсан хувьсгалын эхний 10 жил бүтээл, амжилт, итгэл, найдвар, хүлээлт дүүрэн цаг үе байсныг олон хүн одоо ч мартаагүй биз ээ. Үнэндээ, манай улсын өнөөгийн ололт амжилтууд нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд төр засгийн зүгээс боловсруулсан ямарваа нэг бодлогын үр дүнд бус, харин 2000 он хүртэл бидний хийж амжсан нийгэм, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийн инерцийн ач тус гэхэд огт хилсдэхгүй юм. 1990-д оны сүүлч хүртэл хүн бүр хүчин зүтгэж, ярьж, хэлэлцэж, хийж ирсэн ардчилсан шинэтгэл, нийгмийн шинэчлэлийн реформууд өдгөө бүгд мартагдаж, харин түүний оронд хураах, тараах, малтах гэсэн гурван сэдвээр л Монголын төр, хэвлэл мэдээлэл, ард түмэн нийтээрээ өвчилж, хагаралдан тэмцэлдэж байна. Ардчилсан реформууд бүрмөсөн зогссоны харгайгаар бидний төрийн тогтолцоонд гарч байсан дэвшлүүд аяндаа хумигдаж, төрийн алба тэр чигээрээ хүнд суртал, авилгалын үүр, хөгжлийн тушаа болж хувирав. Амтай, толгойтой болгон “ардчилал”, “ардчилсан” гэсэн хоёр үгийг бялуурж, бялбайтал, бүр утгыг нь үгүй болтол хэрэглэх боловч Монголын ардчилсан ХУВЬСГАЛ бахардаАД 10 жил болсон энгийн үнэнг баярын хурлын нижигнэсэн алга ташилтаар дарж, уран үгээр ороож, цол, одонгийн хураар илбэж аргалав. Аравхан жилийн дотор бид өөрсдийн төр засгаа СОНГОХ биш, хэсэг хүмүүсийн СОНГУУЛЬДАХ ажиллагаанд ирц бүрдүүлэх үүрэг төдий “амьгүй албатууд” болсноо ч анзаарсангүй.

Хэсэг хүмүүс эрх мэдэл, эд баялгийн төлөө үхэлдэн тэмцэх нь надад хамаагүй, өөрийгөө л болгоод явбал болно хэмээн сэтгэж амьдрах нь зөв эсэхийг бид өөрсдөөсөө асуух цаг иржээ. Ардчилсан төрийн тогтолцоо нь өнөө цагт манай улсын тусгаар тогтнолын цорын ганц баталгаа болж байгааг төрийн албаны хүндийг үүрч яваа, нилээд юм үзсэн хүмүүс хэлдэг нь цаанаа нарийн учиртай байдаг. Ардчилсан реформуудыг утга ёсоор нь сэргээж, үргэлжлүүлж чадах үгүй нь бидэнд ирээдүй бий эсэхийг шууд тодорхойлно гэвэл хэтрүүлэг биш юм. Тийм ч учраас, мянга мянган хүн хэрэг биш болж буйг зөн билгээрээ мэдэрч, шинэчлэл, өөрчлөлтийн зүг дуудсан уриаг л хүлээж, итгэл даах, манлайлах хүч гарвал түүнийг дагахад бэлэн байна.

Улс үндэстэн мөхөхгүй оршин тогтнохын баталгаа нь түүний түүх, соёл, уламжлал, санааг тээгч, олныхоо төлөө сэхээрсэн хэсэг хүмүүс байдгийг сэхээтэн гэдэг билээ.
Сэхээтэн хүн боловсролтой байх ёстой нь гарцаагүй ч, түүнээсээ илүү, бусдыгаа гэсэн сэтгэл, найз нөхөд, хамт олон, нутаг ус, Эх орныхоо төлөө өөрийгөө золиослоход хэзээд бэлэн сэтгэл зүрх нь түүнийг зүгээр л боловсролтой хүнээс ялгаруулдаг. Сэхээтэнгүй ард түмэн мухар, ард түмэнгүй сэхээтэн мөхөс байдгийн учир сүүлийн 10 жил Монгол түмэн мухардан бидэрч яваа нь сэхээтнүүд амиа хичээн өөрөөсөө өөр хэнд ч хэрэггүй явсных биш үү? Манлайгүй ард түмний хувь заяа хатгалдах дайсангүй байхад ч бүрхэг байна.

СЭХЭЭТНИЙ ҮҮРЭГ ЮУ ВЭ?

НЭГ. Нийгэм судлалын ухаанд social capital буюу нийгмийн хуримтлал гэж ухагдахуун байдаг. Энэ нь тухайн нийгэм дотроо хэр эв нэгдэлтэй, нэгэндээ хэр итгэж, найдаж, хүндэлдэг зэргийг индексжүүлэн хэмжихийг хэлдэг. Энэ индекс өндөр байх тусам тухайн нийгмийн өөрийгөө удирдан зохион байгуулах чадвар, үр бүтээл нь өндөр байдаг. Гэтэл манай нийгмийн хуримтлалын индекс ямар хэмжээнд байгааг Улаанбаатрын замын хөдөлгөөнийг ажиглахад л хангалттай. Нэгнийгээ үл хайрлах, үл хайхрах, үл хүндэтгэх, үл хүлээх нь өнөөгийн нийгмийн хам шинж болжээ. Чингис хаанаас өөр хэнийг ч хүлээн зөвшөөрөхөө байсан монголчууд өнөө, өнгөрснөө үл ялган нэгнээ үгүйсгэцгээнэ. Шуудайд хураасан эвэр мэт хатгалдах олон хүн нэг сэтгэлээр ямарваа үйлсийг бүтээнэ гэвэл санахын ч аргагүй биз. Сэхээтнүүд нэгнээ үгүйсгэн хагаралдахуйд нийт олон хэнийг нь хүндэлж, үлгэрлэн дуурайх билээ? Ард түмнээ эвлэрүүлэн нэгтгэх үйлсийг эхлүүлэх эрхэм үүрэг сэхээтнийх.

ХОЁР. Ардчилсан төр нь түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлэгч байх ёстой. Тэгвэл, сүүлийн үед төр засгийн бодлогыг олон төрлийн хөдөлгөөнүүд тодорхойлж, нөлөөлж байхад үүнд зөвхөн сэхээтний дуу хоолой л огт сонсогдохгүй байна. Үүний харгайгаар төрөөс гарч буй шийдвэр, хууль тогтоомжууд хэт өрөөсгөл болж, нэг талаас санаа нь зөв боловч, боловсрол муутай хүмүүсийн, нөгөө талаас улс төрийн явцуу ашиг сонирхлын төлөөлөл болон хувирлаа. Монгол төрийн бодлого нь онолын үндэс, баримт, судалгаан дээр бус сэтгэлийн хөдлөл, популист лоозонд тулгуурлах болсон тул тогтворгүй, хүндгүй байхаас өөр аргагүй ч юм. Төрийн бодлого, хөтөлбөрүүдэд дүн шинжилгээ хийж, түүнээс зөвийг нь дэмжиж, бурууг нь залруулахыг шахан шаардах үүргийг аль ч улсад сэхээтнүүд нь л үүрдэг жамтай.

ГУРАВ. Эрүүл саруул, мэргэжлийн сэтгүүл зүй нь ардчиллын үндсийг тэжээдэг хөрс, сэхээтнүүдийн индэр, гол багаж хэрэгсэл нь билээ. Гэтэл, Монголын сэтгүүл зүй үндсэндээ устаж, мэргэжлийн байтугай ёс зүйн наад захын шаардлага хангахгүй нийтлэл, нэвтрүүлгүүд нийгмийг үрэвсүүлдэг, хагаралдуулдаг хар энэргийн гол уурхай нь болоод байна. Худал мэдээлэл, гүжирдлэг, хоосон дуу чимээгээр үнэнийг булж үнэгүйдүүлэх нь түүнийг харанхуй гянданд гинжлэн, нуун дарагдуулахаас ч илүү хор хөнөөлтэй ажээ. Харанхуйг очироор огтлогч сэтгүүл зүйн гал дөлийг шинээр бадраан асаахыг сэхээтний чин зориг л мэдэх хэрэг билээ.

Энэ бүхнийг зориход хэнээс чиг сэтгэлийн их тэнхээ, цаг зав, хөрөнгө мөнгө шаардагдах ч, халширч хойш суух эрх бидэнд үгүй. Ихийг хожихын тулд багыг зольж нүүхийг шатарчид гамбит гэж хэлдэг. Улс үндэснийхээ язгуур эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Монголын сэхээтнүүд өөр хоорондын өчүүхэн зөрчил, жалга довын үзлийг тэвчин, хувийн ашиг сонирхол, биеийнхээ амрыг зольж, цаг зав, эрдэм мэдлэг, бүхий л хүчээ өргөн Эх орноо аврахаас илүү том гамбит гэж үгүй биз ээ.

Монголын сэхээтэн Та хаа байна?