Wednesday, April 24, 2013
Улаан бөмбөг
Tuesday, April 2, 2013
Ардчиллын хоёрдох давалгаа
Thursday, January 5, 2012
ЯДУУРЛЫН ХОЁР НҮҮР
Monday, July 4, 2011
ЗҮҮНИЙ МАРШ
Манай намууд улаан, хөх малгай өмсөлдөн утга учиргүй “буудалцахаас” биш, малгайнуудыг нь авчихвал бүгд нэг царай, явдалтай ажээ. Монголд олон нам байдаг ч олон намын тогтолцоо одоо болтол бүрэлдэхгүй байсаар ирэв. Улаан, ногоон алим нуудыг олон алим л гэхээс олон жимс байна гэж хэлдэггүйн адил баахан зүүний намууд хоорондоо дайсагналцан оршихуйг олон намын тогтолцоонд тооцож мөн боломгүй байна.
Манайдаа томоохонд тооцогддог нэлээд хэдэн улстөрчөөс асуухад бүгд л “Нам гэдэг нь төрийн эрхийг авахын тулд эвлэлдэн нэгдсэн улс төрийн байгууллага юм” гэсэн ойролцоо хариулт өгдөг.
Гэтэл үзэл бодлоороо нэгдсэн гэдэг маш чухал чанарыг энэ тодорхойлолтод ор тас орхигдуулаад байгаа тул амьдралд ч гэсэн үзэл бодлоороо бус, гагцхүү тухайн сонгуульд л ямар ч хамаагүй үнээр ялах явцуу ашиг сонирхлоор намууд хөглөгдөж, хоорондоо хөгжлийн хувилбаруудаар бус, мөнгө тараах “социалист уралдаан” өрнүүлэх болсон юм. Тийм ч учраас төрийн эрхийг авсан хойноо аль ч нам нөгөөгөөсөө ялгарч гавих бодлого хэрэгжүүлэх сэхээгүй, ухаангүй амлалтуудад барьцаалагдаж ирэв.
Үнэндээ сүүлийн арван жил Монгол Ардын Хувьсгалт Нам болон Монголын Ардчилсан Хувьсгалын Нам хоёр албан тушаалтнуудаа ээлжлэн хоморголон халалцахаас өөр, тэр гэх юм бүтээсэнгүй. Малын тоо зөнгөөрөө өсөн үржиж, зэс, нүүрсний үнэ ханш тэнгэрт хадсан зэргийг аль намын гавьяа гэх билээ дээ.
Багагүй хугацаанд цөөнгүй хүн сонгогдож, томилогдсон ч энэ уруугаа харсан зүй тогтол хэвээр байгаа нь асуудал тухайн гишүүн, сайд, даргадаа бус, тогтолцоондоо байгаа хэрэг юм.
БАРУУН ЗҮҮНЭЭРЭЭ ҮЗЭЛЦЬЕ
Олон намын тогтолцооны олон давуу талын нэг нь баруун зүүний намууд ээлжлэн төрийн эрх барин улс орны тэгш хөгжлийг нөхцөлдүүлдэг явдал билээ. Барууны чиглэлийн намууд нь улсынхаа бүтээн босголт, үйлдвэрлэлд анхаарлаа хандуулж, баялгийг бүтээдэг бол зүүний намууд нь нийгмийн халамжийн орхигдсон асуудлуудыг түлхүү анхаарч, нийгэм дэх хөрөнгийн хуваарилалтыг жигдрүүлэх замаар нэг нам нь нөгөөгийнхөө сул талыг нөхөж явдаг.
Харин Монгол Улс маань зөвхөн зүүн талдаа сэлүүрчид нь шавааралдсан завь мэт дороо эргэлдэх нь юуных вэ? Манай гол хоёр нам аль аль нь хөдөлгөөний хэлбэрээр анх үүсэж, хөгжсөн нь гол шалтгаануудыг нэг юм. Нам бол улс төрийн үзэл бодол нэгтэй хүмүүсийн тогтвортой барилдлага байдаг бол хөдөлгөөн нь үзэл бодлоороо бус, тухайн үеийн ашиг сонирхлоороо нэгдсэн түр эвсэл байдаг ба зорилго нь биелэнгүүт цаашид оршин тогтнох утгаа алддаг жамтай. Тухайлбал, АНУ-д хар арьстнуудын эрх чөлөөний хөдөлгөөн өрнөхөд хүмүүс цагаан харгүй, баруун зүүнгүй нэгдэж, зорилго нь биелсний дараа энэ хөдөлгөөн аяндаа замхран үгүй болсон.
Монголд өнгөрсөн зууны эхээр улсынхаа тусгаар тогтнолын төлөө нэгэн хөдөлгөөн өрнөсөн нь эсрэг тэсрэг үзэл бодолтой ноёдын, лам нарын болон ардын гэсэн гурван намын нэгдэл байсан ба энэ нь МАХН-ын суурь болсон байдаг. Харин Монголын Ардчилсан нам нь коммунист дэглэмийг түлхэн унагаахын тулд зургаан ч намыг баруун зүүн гэлгүй нэгтгэсэн түүхтэй билээ.
Энэ хоёр хөдөлгөөний аль алиных нь зорилго хэдийнэ биелсэн ч гишүүд нь дотроо өдий болтол баруун, зүүнээрээ ялгаралгүй ирсэн нь мухардлыг алгуураар боловч гарцаагүй нөхцөлдүүлэв. Зүй нь нэг намд байх ёстой хүмүүс хувь тавилангийн эрхээр эсрэг намуудад, эсрэг намд байх ёстой хүмүүс нэг намд харьяалагдсны харгайгаар Монголын улс төр манин лугаа адил болж, хүүхэдгүй айл ирээдүйг харж ярилцах биш өвөө, эмээ, ээж, аав нар нь хэзээ ямар нүгэл үйлдсэн, гавьяа байгуулсан тухай эцэс төгсгөлгүй хар хэрүүлийг дэгдүүлж, дайсагналцахад хүрэв.
Нэгэн судлаач “Үүн шиг сүйрлийг энхийн цагт үзсэн өөр эдийн засаг дэлхийн түүхэнд байхгүй” гэж 1990 оны дараах манай улсын байдлыг хэлсэн байдаг. Тийм ч учраас ядуурал нь манай улсын хувьд үргэлж тэргүүн ээлжийн асуудал байсаар ирсэн нь манай бүхий л намууд нийгмийн халамжийг их багаар шүтэхээс өөр аргагүй байдалд хүргэсэн нь үнэн. Хэдийгээр Ардчилсан нам өөрийгөө барууны нам гэж тунхагладаг ч үнэн хэрэгтээ сүүлийн арван жилд өрнөсөн “социалист уралдааныг” санаачлагч нь яахын аргагүй мөн.
Иймд манай улс үндсэндээ барууны гэх намгүй болж “зүүний марш” алхаж эхэлсэн юм. Ухаангүй энэ уралдаан цааш энэ мэт үргэлжилбэл бид цаасан дээр л “ардчилсан” болж үлдэх буюу. Ардчилсан нийгмийн ноён нуруу нь нийгмийн дунд давхарга байдаг бөгөөд түүнийг бий болгохын тулд барууных биш юм гэхэд ядаж төв үзэл баримтлал бүхий улс төрийн хүчин үгүйлэгдэж байна.
Манай нийгмийн дунд давхарга жилээс жилд улам л нимгэрч, цөөхөн хэд нь баяжиж, ихэнх нь ядуурч байна. Ядуу нийгэм ардчилсан байж чаддаггүйн зэрэгцээ голланд өвчин хавсарвал бид өөрийн эрхгүй байгалийн баялгийг түшсэн дарангуй дэглэм рүү хар аяндаа гулсан орох болно.
АРДЧИЛЛЫН ХОЁР ДИЛЕММА
Хүний ашиг сонирхол аль хэрэгтэй үедээ л илэрч, үгүй болдог бол улс төрийн үзэл бодол нь амьд л бол түүний дотор байнга оршиж, тэр болгон өөрчлөгдөөд байдаггүй итгэл үнэмшил юм.
Тэрхүү үзэл бодол нь хүн хоёрхон энгийн асуултад яаж хариулснаар л тодорхой болдог билээ. Хүн бүр эрх чөлөөг эрхэмэлдэг ч, гагцхүү араатны ертөнцөд л хязгааргүй эрх чөлөө ноёрхдог. Хэн дуртай нь юу дуртайгаа хийх нийгэмд амьд явах, эсхүл эд хөрөнгөө булаалгахгүй байх баталгаа үгүйн учир наад захын эмх журмыг бий болгохын тулд хүний нийгэмд төр засаг байдаг билээ.
Төр нь эмх журмыг тогтоох буюу эрх чөлөөний зарим хэсгийг хязгаарлах үүргийг хүлээдэг. Үүнээс үүдэж ардчиллын анх ны дилемма буюу “Энх тунх явахын төлөө та эрх чөлөөгөө хэр хэмжээнд хязгаарлуулахад бэлэн бэ?” гэдэг асуулт төрдөг. Энгийнээр хэлбэл нийгэм дэх төрийн оролцооны зохистой хэмжээг хэрхэн тодорхойлсноор тухайн хүний улс төрийн эхний байр суурь илэрхийлэгддэг аж.
Энэ сонголтын хоёр эсрэг тэсрэг туйлд анархизм буюу хууль ёсонд үл захирагдах хүмүүс нэгнийхээ эрх чөлөөнд халдах нэг аюул, нөгөө туйлд нь авторитаризм буюу хувь хүний эрх чөлөөнд элдэв харгис хууль гарган халдах төрийн дарангуйллын аюул оршдог.
Аливаа нийгэм энэ хоёрын туйлуудын хооронд орших бөгөөд эрх чөлөөг харьцангуй их эрхэмлэдэг хүмүүс зүүн, хэв журмыг харьцангуй их дээдэлдэг хүмүүс нь баруун үзэлтэн гэсээр XIX зууны эх хүртэл хуваагдаж иржээ. Үйлдвэрлэлийн эрин эхэлж, нийгэмд урьд өмнө үзэгдээгүй их хөрөнгө хэтэрхий тэгш бусаар хуримтлагдах болсныг хэрхэн шударга хуваарилах тухай ардчиллын хоёрдугаар буюу “орчин цагийн” дилемма төржээ. Өөрөөр хэлбэл, эдийн засаг дахь төрийн орол цооны тухай асуудал юм.
Эдийн засаг дахь төрийн оролцоог шүтдэг хүмүүсийг зүүнтэн гэх болсон ба баруунтнууд нь үүнийг тууштай эсэргүүцэгчид юм. Мэдээж дээрх хоёр асуултад энгийнээр “тийм, үгүй” гэхээс хамаагүй олон янзаар хариулж таардаг болохоор хүмүүсийн үзэл баримтлалыг ерөнхийд нь либертар, консерватив, социалист болон коммунар гэсэн үндсэн дөрвөн аймагт хувааж үздэг.
Орчин үед либертар, коммунар хоёр үзэлтэй намуудын тоо төдийлэн их биш тул гол өрсөлдөөн консерватив (барууны) болон социалист (зүүний) намуудын хооронд өрнөдөг бөгөөд коммунаруудыг хэт зүүнд хамааруулдаг болсон билээ. Барууны намуудыг бүгдийг нь “хөрөнгөтний” гэж зарим хүмүүс шиг шууд тамгалах нь хэт өрөөсгөл ойлголт юм. Зүүнийх л бол муусайн коммунистууд гэж хараагаад байхтай л адил хэрэг.
Барууны намууд дотор “зэрлэг капитализмыг” номолдог нь ч байдаг бол ядуурсан ард түмэндээ мөнгө тарааж улам ядууруулахыг эсэргүүцдэг, үүний оронд хүмүүсийн цалинг нь нэмэгдүүлэх, ажлын байр бий болгохыг шаардаж байгаа нэгэн хэсэг нь мөн л баруун үзэлтэн боловч түүний зүүн жигүүр болж явдаг билээ.
Намууд дотроо мөн л баруун, зүүн жигүүр гэж хуваагддаг болохоос нэг нь шударга ёсны төлөө, үлдсэн хэсэг нь биш ч юм шиг байдлыг “нугалаа” гэхээс өөр аргагүй. Эдийн засгийн шударга ёсны тухай ойлголт нь угтаа хүмүүсийг баруун зүүнээр нь хуваадаг үндсэн зарчим байтал түүнийг гагцхүү өөрт харьяалах нь утгагүй юм.
Тухайлбал, Монголд хэн дуртай нь такси хийж байгаа нь зүүний үзэл бодолтой хүний хувьд хулгай хийхгүй, чадлынхаа хэрээр өөрийгөө тэжээгээд явж байгаа шударга явдал бол, баруунтнуудын хувьд энэ нь татвараа төлөөд явж байгаа хүмүүсийн бизнесийг татвар төлдөггүй нэг нь булаан авч, зах зээлээс шударга бусаар шахаж байгаа бусармаг үйл байх жишээтэй. Энэ зарчим аль ч эдийн засгийн салбарт үйлчилнэ.
Зүүний үзэлтнүүд Бичил уурхайн тухай хуулийг дэмждэг бол байгалийн үр шимийг нинжануудад хуваарилж, харин түүнийг нөхөн сэргээх зардлыг бусад татвар төлөгчдийн нуруунд үүрүүлэх гэж буйг баруун үзэлтнүүд дэмждэггүй. Ашигт малтмалын тухай хууль гадаад, дотоод, баян, ядуу гэлгүй ижил үйлчлэх ёстой хэмээн эсэргүүцдэг гэх мэтээр үргэлжлүүлэн олон жишээ татаж болно.
Намуудад шургалан орсон элдэв ариун бус явдалтнууд хувийн ашиг сонирхлоор олон төрлийн гэмт хэрэг үйлдсэнийг гэсгээх нь шударга ёс мөн. Гэвч энэ нь зарим хүмүүсийн ярьж байгаа шиг аль нэг улс төрийн нам, үзэл баримтлалтай хамаагүй юм. Хулгайч, луйварчдыг цээрлүүлэх нь улс төрийн үзэл бодолтой хамаагүй, гагцхүү эрүүгийн хуулиар тогтоодог энгийн шударга ёс билээ.
Эцэслэн хэлэхэд, МАН-ын анхны дарга Данзан, Бодоо нарыг “Бая жигтун!” гэж уриалахад нам доторх зүүнтнүүд тал талаас нь тоншиж алсан байдаг. Өнөө цагийн зүүнтнүүд өөрсдөө нэлээд боломжийн юм өмсөж зүүж, тарган цатгалан яваа ч үндэснийхээ цөөн хэдэн хөрөнгөтнийг дэндүү баян мэт ад үзэх бололтой юм. Гэтэл амь зуух мөнгөө олж ядан яваа түм түмэн хүнд өөрсдөө хэдийнэ “олигархууд” болсноо тэд мэддэг л байгаа даа? Ач холбогдолгүй зүйлүүдийг дөвийлгөн хоорондоо алалцаж бусдын идэш болох бус, ямар ирээдүйг хэрхэн байгуулах үзэл бодлоороо эрүүл өрсөлдөөнийг өрнүүлэн, ард түмнээрээ эвлэрэн нэгдэж, улс орноо хөгжүүлэх цаг болсон бус уу?
Thursday, March 24, 2011
СЭХЭЭТНИЙ ГАМБИТ
Цагаан морин жилийн хувьсгал ялсны 20 жилийн ойн баярыг өнгөрсөн жил бид улс даяараа нижгэр тэмдэглэлээ. Харин тэгж хөл хөөр болж баярлах нь хэр зохистой вэ гэдэгт хэн ч эргэлзсэнгүй, бүгд л найр хурим, шагнал, бүрээ, туг болоод өнгөрлөө. Гэтэл бид тэгтлээ баярлах үндэс бийсэн билүү? Хүнд хүчир, тэмцэл мөргөлдөөнтэй, магадгүй зарим талаараа түгшүүртэй ч ардчилсан хувьсгалын эхний 10 жил бүтээл, амжилт, итгэл, найдвар, хүлээлт дүүрэн цаг үе байсныг олон хүн одоо ч мартаагүй биз ээ. Үнэндээ, манай улсын өнөөгийн ололт амжилтууд нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд төр засгийн зүгээс боловсруулсан ямарваа нэг бодлогын үр дүнд бус, харин 2000 он хүртэл бидний хийж амжсан нийгэм, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийн инерцийн ач тус гэхэд огт хилсдэхгүй юм. 1990-д оны сүүлч хүртэл хүн бүр хүчин зүтгэж, ярьж, хэлэлцэж, хийж ирсэн ардчилсан шинэтгэл, нийгмийн шинэчлэлийн реформууд өдгөө бүгд мартагдаж, харин түүний оронд хураах, тараах, малтах гэсэн гурван сэдвээр л Монголын төр, хэвлэл мэдээлэл, ард түмэн нийтээрээ өвчилж, хагаралдан тэмцэлдэж байна. Ардчилсан реформууд бүрмөсөн зогссоны харгайгаар бидний төрийн тогтолцоонд гарч байсан дэвшлүүд аяндаа хумигдаж, төрийн алба тэр чигээрээ хүнд суртал, авилгалын үүр, хөгжлийн тушаа болж хувирав. Амтай, толгойтой болгон “ардчилал”, “ардчилсан” гэсэн хоёр үгийг бялуурж, бялбайтал, бүр утгыг нь үгүй болтол хэрэглэх боловч Монголын ардчилсан ХУВЬСГАЛ бахардаАД 10 жил болсон энгийн үнэнг баярын хурлын нижигнэсэн алга ташилтаар дарж, уран үгээр ороож, цол, одонгийн хураар илбэж аргалав. Аравхан жилийн дотор бид өөрсдийн төр засгаа СОНГОХ биш, хэсэг хүмүүсийн СОНГУУЛЬДАХ ажиллагаанд ирц бүрдүүлэх үүрэг төдий “амьгүй албатууд” болсноо ч анзаарсангүй.
Хэсэг хүмүүс эрх мэдэл, эд баялгийн төлөө үхэлдэн тэмцэх нь надад хамаагүй, өөрийгөө л болгоод явбал болно хэмээн сэтгэж амьдрах нь зөв эсэхийг бид өөрсдөөсөө асуух цаг иржээ. Ардчилсан төрийн тогтолцоо нь өнөө цагт манай улсын тусгаар тогтнолын цорын ганц баталгаа болж байгааг төрийн албаны хүндийг үүрч яваа, нилээд юм үзсэн хүмүүс хэлдэг нь цаанаа нарийн учиртай байдаг. Ардчилсан реформуудыг утга ёсоор нь сэргээж, үргэлжлүүлж чадах үгүй нь бидэнд ирээдүй бий эсэхийг шууд тодорхойлно гэвэл хэтрүүлэг биш юм. Тийм ч учраас, мянга мянган хүн хэрэг биш болж буйг зөн билгээрээ мэдэрч, шинэчлэл, өөрчлөлтийн зүг дуудсан уриаг л хүлээж, итгэл даах, манлайлах хүч гарвал түүнийг дагахад бэлэн байна.
Улс үндэстэн мөхөхгүй оршин тогтнохын баталгаа нь түүний түүх, соёл, уламжлал, санааг тээгч, олныхоо төлөө сэхээрсэн хэсэг хүмүүс байдгийг сэхээтэн гэдэг билээ.
Сэхээтэн хүн боловсролтой байх ёстой нь гарцаагүй ч, түүнээсээ илүү, бусдыгаа гэсэн сэтгэл, найз нөхөд, хамт олон, нутаг ус, Эх орныхоо төлөө өөрийгөө золиослоход хэзээд бэлэн сэтгэл зүрх нь түүнийг зүгээр л боловсролтой хүнээс ялгаруулдаг. Сэхээтэнгүй ард түмэн мухар, ард түмэнгүй сэхээтэн мөхөс байдгийн учир сүүлийн 10 жил Монгол түмэн мухардан бидэрч яваа нь сэхээтнүүд амиа хичээн өөрөөсөө өөр хэнд ч хэрэггүй явсных биш үү? Манлайгүй ард түмний хувь заяа хатгалдах дайсангүй байхад ч бүрхэг байна.
СЭХЭЭТНИЙ ҮҮРЭГ ЮУ ВЭ?
НЭГ. Нийгэм судлалын ухаанд social capital буюу нийгмийн хуримтлал гэж ухагдахуун байдаг. Энэ нь тухайн нийгэм дотроо хэр эв нэгдэлтэй, нэгэндээ хэр итгэж, найдаж, хүндэлдэг зэргийг индексжүүлэн хэмжихийг хэлдэг. Энэ индекс өндөр байх тусам тухайн нийгмийн өөрийгөө удирдан зохион байгуулах чадвар, үр бүтээл нь өндөр байдаг. Гэтэл манай нийгмийн хуримтлалын индекс ямар хэмжээнд байгааг Улаанбаатрын замын хөдөлгөөнийг ажиглахад л хангалттай. Нэгнийгээ үл хайрлах, үл хайхрах, үл хүндэтгэх, үл хүлээх нь өнөөгийн нийгмийн хам шинж болжээ. Чингис хаанаас өөр хэнийг ч хүлээн зөвшөөрөхөө байсан монголчууд өнөө, өнгөрснөө үл ялган нэгнээ үгүйсгэцгээнэ. Шуудайд хураасан эвэр мэт хатгалдах олон хүн нэг сэтгэлээр ямарваа үйлсийг бүтээнэ гэвэл санахын ч аргагүй биз. Сэхээтнүүд нэгнээ үгүйсгэн хагаралдахуйд нийт олон хэнийг нь хүндэлж, үлгэрлэн дуурайх билээ? Ард түмнээ эвлэрүүлэн нэгтгэх үйлсийг эхлүүлэх эрхэм үүрэг сэхээтнийх.
ХОЁР. Ардчилсан төр нь түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлэгч байх ёстой. Тэгвэл, сүүлийн үед төр засгийн бодлогыг олон төрлийн хөдөлгөөнүүд тодорхойлж, нөлөөлж байхад үүнд зөвхөн сэхээтний дуу хоолой л огт сонсогдохгүй байна. Үүний харгайгаар төрөөс гарч буй шийдвэр, хууль тогтоомжууд хэт өрөөсгөл болж, нэг талаас санаа нь зөв боловч, боловсрол муутай хүмүүсийн, нөгөө талаас улс төрийн явцуу ашиг сонирхлын төлөөлөл болон хувирлаа. Монгол төрийн бодлого нь онолын үндэс, баримт, судалгаан дээр бус сэтгэлийн хөдлөл, популист лоозонд тулгуурлах болсон тул тогтворгүй, хүндгүй байхаас өөр аргагүй ч юм. Төрийн бодлого, хөтөлбөрүүдэд дүн шинжилгээ хийж, түүнээс зөвийг нь дэмжиж, бурууг нь залруулахыг шахан шаардах үүргийг аль ч улсад сэхээтнүүд нь л үүрдэг жамтай.
ГУРАВ. Эрүүл саруул, мэргэжлийн сэтгүүл зүй нь ардчиллын үндсийг тэжээдэг хөрс, сэхээтнүүдийн индэр, гол багаж хэрэгсэл нь билээ. Гэтэл, Монголын сэтгүүл зүй үндсэндээ устаж, мэргэжлийн байтугай ёс зүйн наад захын шаардлага хангахгүй нийтлэл, нэвтрүүлгүүд нийгмийг үрэвсүүлдэг, хагаралдуулдаг хар энэргийн гол уурхай нь болоод байна. Худал мэдээлэл, гүжирдлэг, хоосон дуу чимээгээр үнэнийг булж үнэгүйдүүлэх нь түүнийг харанхуй гянданд гинжлэн, нуун дарагдуулахаас ч илүү хор хөнөөлтэй ажээ. Харанхуйг очироор огтлогч сэтгүүл зүйн гал дөлийг шинээр бадраан асаахыг сэхээтний чин зориг л мэдэх хэрэг билээ.
Энэ бүхнийг зориход хэнээс чиг сэтгэлийн их тэнхээ, цаг зав, хөрөнгө мөнгө шаардагдах ч, халширч хойш суух эрх бидэнд үгүй. Ихийг хожихын тулд багыг зольж нүүхийг шатарчид гамбит гэж хэлдэг. Улс үндэснийхээ язгуур эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Монголын сэхээтнүүд өөр хоорондын өчүүхэн зөрчил, жалга довын үзлийг тэвчин, хувийн ашиг сонирхол, биеийнхээ амрыг зольж, цаг зав, эрдэм мэдлэг, бүхий л хүчээ өргөн Эх орноо аврахаас илүү том гамбит гэж үгүй биз ээ.
Монголын сэхээтэн Та хаа байна?