Tuesday, April 2, 2013

Ардчиллын хоёрдох давалгаа


Өнгөрсөн зууны сүүлээр Зүүн Европоор дэгдсэн өөрчлөлт, шинэчлэлтийн салхи Монголын хээр талд ардчиллын үрийг тээж ирсэн юм. Тэр цагаас 2000 оныг хүртэл Монгол Улсад өрнөсөн үйл явдлууд ардчилсан хөгжлийг сонгосон бусад улс орнуудад үлгэр дуурайл болж байлаа. Эдгээр өөрчлөлтүүдийн үндэс суурь нь манай улсын бүхий л улс төрийн хүчнүүд, улс үндэс даяараа дэмжсэн эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийн реформуудын цогц байсан билээ. 1999 он гэхэд манай эрх зүйн тогтолцоо ихэнх хэсгээрээ цаашдын улам нарийн реформуудыг үргэлжлүүлэх сууриа тавьж, Монголын банкны салбар нь бусад шинэ ардчиллууд дундаа хамгийн амжилттай, бие даасан тогтолцоонуудын нэгд орсон байлаа...
Гэвч 2000 он ирж, Монгол дахь эдгээр үйл явцад төгсгөлийн зурхайг татсан юм. Шинэчлэл, өөрчлөлтийн үйлс гэнэт зогссон нь тухайн үедээ цочир мэдрэгдээгүй ч, энэхүү зогсонги арван хоёр жилийн үр дагавар нь эдүгээ анзаарахгүй байхын аргагүй болж байна. Хэдийгээр манай улс одоохондоо ардчилсан улсуудын эгнээнд багтсаар байгаа ч сүүлийн үед өрнөж байгаа улстөрийн үйл явдлуудыг таслан эс зогсоовоос Монгол маань байгалийн нөөцөд дулдуйдсан ээлжит нэгэн авторитар улс болон хувирах нь эргэлзээгүй байна.
Хорин жилийн уртад уярсан Монголын ардчилал морио сэлгэх цаг ирлээ.


АРДЧИЛЛЫН ХОЁРДОХ ДАВАЛГАА

Монголын төр засгийн зүтгэлтэн, улстөрчдийн илтгэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтлэл, нэвтрүүлгүүд 2000 оноос өмнө бүгд л РЕФОРМ-ын тухай ярьж, бичиж байлаа. Харин тэр цагаас хойш нийгэм, эдийн засгийн шинэчлэл, эрх зүйн орчин болон засаг захиргааг сайжруулах тухай яриа, ажил бүгд нэгэн зэрэг татаран үгүй болсон юм. АРДЧИЛАЛ гэсэн үгийг хэн бүхэн одоо ч байнга хэрэглэх ч энэ үг хэдийнээ аливаа эдийн засгийн болоод эрх зүйн агуулгаас ангид, хоосон ухагдахуун болон хувирчээ. Өмнөговийн бүсэд зэс, алт, нүүрсний дэлхийн зэрэглэлийн ордууд нээгдсэнээр энэ байдал улам хурдацтай дордож ирлээ. Төр, олон нийт бүтээх, шинэчлэх үйлсээсээ бүрмөсөн нүүр буруулж, ардчиллын тулгуур зарчмуудыг илт хөсөрдүүлж эхэллээ. “Стратегийн”, “төрийн оролцоо” гэх мэт нэр томъёоллоор далайлгаж, төрийн аппарат ашиглан бизнес эрхлэгчдийн гарыг өчин хувийн өмчид халдах явдал газар авч, өмнө нь хэзээ ч Монгол ёсонд байгаагүй харийг үзэн ядах суртал ухуулга өдрөөс өдөрт дуугаа хадааж байна.
Монгол түмэн оюун ухаан, хүч, хөрөнгөө дайчлан байж байгуулсан олон ургаальч ардчилал (Pluralist democracy) хэв загварын ардчилал (Procedural democracy) болон улам доройтсоор байна. Хэн нэгнийг төлөөлөхөөсөө илүү өөрсдийн ашиг сонирхлыг л түлхүү горилох болсон улс төрийн хүрээлэл (Political establishment) нь илэрхий популист мөрийн хөтөлбөрүүд дэвшүүлж, санал худалдан авч, элдэв технологи ашиглан сонгуульдах болсон нь ардчилсан сонгуулийн элэглэл мөн. Ардчиллын тулгуур зарчим болох засгийн эрхийг хуваарилах ёс бүрмөсөн хөсөрдөж, гүйцэтгэх засаг, хууль тогтоох байгууллага, шүүх, Ерөнхийлөгч – бүгдийнх нь эрх, үүрэг холилдон завхарснаар хувь хүний өмч, нэр төр, эрх чөлөө, эрүүл мэнд, амь насыг төрийн харгислалаас хамгаалах  механизм үндсэндээ устах шатандаа оржээ. Үүнийг нийгэмдээ хамгийн түрүүнд ажил хэрэгч хүмүүс биеэрээ мэдэрч эхэлсэн нь тохиолдлын хэрэг бус түүхээр шалгагдсан зүй тогтол билээ.

Улс төрийн машин ба бренд намууд

Өнөөгийн намууд улс төрийн суурь онолуудыг үл хэрэгсэн, хэрэглээний улс төр, технологиудыг л туйлын сонирхох нь Монголд улс төрийн машин (Political machine) босож ирсэнтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, намын үзэл бодол, хөгжлийн концепциудын хоорондын ялгааг төдийлөн чухалчлах бус олон нийтийн дунд өөрсдийн чансааг судлах, өсгөх, улмаар сонгуулийн үр дүнд нөлөөлөх нь юу юунаас чухал болсныг илэрхийлнэ. Сонгуулиас сонгуульд ялж, ялсан хойноо баялгийн хуваарилалтад оролцох нь улстөрийн машины эцсийн зорилго мөн. Тухайн намын гишүүний үзэл бодол, итгэл үнэмшил, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, тэр бүү хэл намын харъяалал хамаагүй, өөрийн бүлэг болон манлайлагч нартаа үнэнч байхыг л шаарддаг аж.
Монголд улстөрийн машин босож ирсэн үндсэн шалтгаан нь манай намууд танигдах шинжээ алдсан явдал (identity crisis) мөн. Үзэл суртлын хоосролд нирвэгдсэн намууд Ардчилал, Тусгаар тогтнол, Шударга ёс зэргийг өөрсдийн бренд болгон өмчилж, улс орны хөгжилд ач холбогдолгүй зүйлүүдийг дөвийлгөн дайсагналцаж байна. Эдгээр бренд-намууд жинхэнээсээ итгэдэггүй, сайтар ойлгодоггүй ардчиллын эрхэм зүйлүүдийг уриа лоозон болгож түрүү барьдаг нь улстөрийн машины оршихуйн философи, мөн чанар юм. Учир нь, улстөрийн хүрээлэл ардчиллын нэрээр гадаад, дотоодоос орж ирэх “ногдол хувиа” хүртэх л хүсэлтэй боловч ардчилсан байхын тулд заавал дагах ёстой процессуудыг үл хэрэгсэн оршдог паразит организм юм. Үндэсний баялаг маань эрүүлийг хамгаалах, боловсрол гэх зэрэг салбарт дорвитой бүтээн байгуулалт, хөгжил болж үлдэхгүй, ихэнх хэсэг нь авилгач улстөрийн хүрээлэл, саналаа үнэлэгчид нарын хооронд үрэгдэж дуусч байна. Улстөрийн машин ардчиллыг устгахаар тухайлан зориогүй ч энэ нь дээрх бүх явдлын эцсийн үр дүн байх нь гарцаагүй юм.
2008 оны долдугаар сарын нэгний өдөр Сүхбаатарын талбай дээр дэгдсэн үймээн тохиолдлын хэрэг огт биш юм. Энэ үймээн нь сонгуулийн нэг удаагийн луйврыг эсэргүүцсэн жагсаал ч юм уу, дарангуйллын эсрэг бослого ч биш байлаа. Нэг талаас, хүмүүс сонгуульд ямарваа нэгэн байдлаар манипуляци байдаг гэж итгэх болсныг, нөгөө талаас, иргэд дэд ухамсрын төвшинд улс төрийн машинаас залхаж, эгдүүцэж буйг харуулсан энэ явдал улс төрийн хүрээллийн удирдах хууль ёсны (legitimacy) эрхийг монголчууд ерөнхийд нь эс хүлээн зөвшөөрсөн эсэргүүцэл байсан юм.
Дарангуй дэглэмийг хүчээр түлхэн унагадаг ч, эргээд ардчиллыг ч халахад мөн хүчирхийлэл байдгийг бид бас санаж, болгоомжлох учиртай. Монголын ардчилал хэдий олон дутагдалтай ч түүнийг бамбар, муна, чулуугаар сайжруулах аргагүй. Иймд, бид Монголын ардчиллыг улс төрийн машинаас ч, түүнийг хүч хэрэглэн эсэргүүцэгчдээс ч мөн хамгаалах шаардлага урган гарч байна. Нийт олны бухимдлыг хэрхэн эерэг, бүтээлч энерги болгон хувиргаж, түүгээрээ улстөрийн машиныг жинхэнэ ардчилсан засаг болгон өөрчлөн байгуулах вэ гэдэг асуудлыг бид шийдэх ёстой. 

Шинэ загвар

Ардчилсан засаглалын модель дэлхий дахинаа хямарч эхэлсэн нь Монголд улс төрийн машин бүрэлдэхэд ихээр нөлөөлжээ. Энэ хямралын шалтгаан нь 200 жилийн өмнө бий болсон засаглалын загвар орчин цагийн динамикийг гүйцэхгүй болсонтой холбоотой юм. Онолд хэт үл автан тодорхойлбол, магадлах боломжгүй үлэмж их мэдээлэлд тулгуурлан нэгнээ танихгүй, итгэхгүй хүмүүс дундаасаа засгаа эмхлэн байгуулах шаардлага нь орчин цагийн ардчилсан засаглалын тулгамдсан асуудал юм. Хүмүүс хоорондын амин холбоо суларч, улс төрийн машин хүчээ авсан, эгэл иргэн мэдээллийн урсгал дундаас үнэн зөвийг тунгаахад туйлын хүндрэлтэй болсон энэ үед нийгмийн тулах хатуу цэг нь нэр хүнд бүхий мэргэжлийн хүмүүсийн нэгдлүүд болж байна.
Зохион байгуулалт бүхий цөөнх зохион байгуулалтгүй олонхио удирдана гэсэн лоббигийн онолын үндсийг Монголд өрнөсөн хөдөлгөөнүүд баталсаар байгаа ч мэргэжлийн бус хүмүүс мэдэхгүй сэдвээр улс төр хийж, төрийн бодлогыг улс орны эрх ашигт хохиролтой байдлаар эргүүлэх нь элбэг байна. Зөв, тогтвортой, алсын хараа бүхий төрийн бодлого оршихын тулд мэргэжлийн хүмүүс салбар салбарынхаа бодлогыг онолын үндэс, судалгаа, тоо баримтад түшиглэн тодорхойлж, төр засгийн эрхийг барилцах нь орчин цагийн ардчилсан засаглалын үндэс юм.
Танил тал, улстөр, санхүүгийн сонирхлоор бус, мэдлэг, мэргэжлийн ёс суртхуунаар нэгдсэн хүмүүсийн байр суурь, дуу хоолой нь нийгэмд дутагдаж байгаа итгэл үнэмшил, найдвар, эв нэгдлийг бий болгоход асар их ач холбогдолтой байна. Төрөөс явуулж буй бодлогыг дэмжих, шүүмжлэх нь хоосон яриа, хувийн сонирхол биш, ул суурьтай бодлогын баримтын хэмжээнд байж, түүнийг хэрэгжүүлэхээр хамтран ажилладаг, шахан шаарддаг ардчилсан засаглалын  шинэ загвар нь шууд ардчиллын орчин цагийн хэлбэр бөгөөд амжилттай хэрэгжвэл олон улсад жишиг болох билээ.

Мэргэжлийн сэтгүүл зүйн үүрэг

Абрахам Линкольн “хэрэв би засгийн газар, хэвлэл мэдээлэл хоёрын алиныг авч үлдэх вэ гэсэн сонголттой тулгарах бол хэвлэл мэдээллээ л авч үлдэх болно” гэж хэлж байсан нь ардчилсан засаглалд сэтгүүл зүй ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг онож хэлсэн магадгүй хамгийн мэргэн үг байж магадгүй. Төр ард түмэнтэйгээ, ард түмэн нь төртэйгөө шууд харилцдаг хамгийн чухал индэр бол хэвлэл билээ. Мэргэжлийн хүмүүс дуу хоолойгоо нийтэд болон төр засагтаа хүргэж байхын тулд мэргэжлийн сэтгүүл зүй сэргэх нь туйлаас чухал байна. Нөгөө талаас, мэргэжлийн хүмүүс өөрийн салбарт болж буй шинэ чиг хандлага, төр засгаас боловсорч буй бодлогын талаар мэргэжлийн төвшинд бичсэн мэдээ, мэдээллийг цаг тухайд нь авч байх хэрэгтэй юм. Иймд, мэргэжлийн салбар салбараар дагнасан нийтлэлч, сэтгүүлчид ажиллах нь энэ төслийн амжилтын суурь шаардлага байх болно.
            

No comments:

Post a Comment