Бага байхад юм ховор байж. Гоё тоглоом бол бүр ч нүдний гэм. Хэрэв нэг маань тоглоомтой болбол бид байраараа тоглоомтой боллоо л гэсэн үг. Одоо санахад бид байгаагаа хуваалцан, эн тэнцүүхэн сайхан нөхөрлөж, хамтдаа өсөж хүний зэрэгт хүрч дээ.
Харин манай байранд нэг сонин хүүхэд байсныг би тодхон санадаг. Цагтаа аав нь их мундаг л хүн байсан юм гэнэ лээ. Тэр нөхөр бурхан болсон ааваараа байнга гайхуулах нь үнэхээр залхмаарсан. Хамгийн инээдтэй нь түүнд ааваасаа авсан зан чанар гэх юм даанч ховор доо. Ээжтэйгээ л их адилхан. Зайлуул, ээж нь ааваас нь хойш хэцүү амьдрал үзсэн болоод ч тэр үү, үнэн адайр ааштай. Бас хүнд хэлсэн, амласнаа байнга мартана. Эсвэл мэдэн будилдаг байсан ч юм уу, бүү мэд. Баянаа гайхуулах хэрнээ, дандаа л нэг юм гуйж явдаг хачин айл байж билээ. Тэднийх давхартаа хоёрхон хөрштэй. Ядаж байхад тэр хоёр нь ёстой адармаатай гарууд. Нэгнийх нь ах дүүгээрээ шорон, колониор явчихсан эвгүй хүүхдүүдтэй, нөгөөх нь хар багын дамын наймаачид. Нөгөө бацаан юм л бол нэг юмаа дээрэмдүүлчихсэн, үгүй бол ходруулчихсан гүйж явдаг байж билээ. Хөөрхий дөө, аав нь амьд сэрүүн байсан бол ч тэгэхгүй л байсан байх даа.
Нэг өдөр нөгөө бацаан чинь хачин гоё улаан бөмбөгтэй болчихож. Тийм гоё бөмбөг ч бас ховор шүү. Бүр сайн санаж байна. Мундаг ойлттой бөмбөг байж билээ. Мань хэд нь ч бас л бөөн баяр байлгүй яах вэ. Нэг нь тоглоомтой болохоор бүгд л тоглодог байсан юм чинь. Бидний зарим нэг нь бүр сургуулийн шигшээд явдаг. Даанч маньд нь бөмбөг байхгүй юм чинь баярлана биз дээ. Гараад ир, манийхаа гоё бөмбөгөөр тоглоё л доо гээд дуудаад байдаг болохоор нь бид нар ч бөөн хөөр болоод дундаасаа мөнгө гаргаад байрныхаа гадна хөөрхөн талбай засаад авлаа. Бид ч юу байхав дээ, нөгөө баян Рэнчинтөгс л мөнгөний ихэнхийг нь гаргасан юм. Тэгээд нэг хэсэг тоглосон юм аа. Тэгсэн чинь л нөгөө бацааны ааш нь хувираад сонин болчихдог байгаа. Хамт тоглох гээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг, нөгөө бөмбөгөө ганцаараа барьж гүйгээд л, “Та нар зүгээр л зогсож бай, гар хүрч болохгүй шүү. Энэ чинь миний аавын бөмбөг, та нарт ийм бөмбөг хэзээ ч олдохгүй” гэхчилэн тэнэгтэж гарав аа. Энэ талбай зассан газар дээр чинь миний аав та нарыг нүүж ирэхээс өмнө түлээгээ хагалдаг байсан юм ч гэх шиг сүүлдээ учир нь олдохгүй юм ярьж эхлэв. Тэр бөмбөг ч тэр бацааныг ёстой алсаан. Хэрэв олдоогүй бол тэр юу гэж л тэгж солиоров гэж дээ. Мань хэдтэйгээ тэгээд л нэг юм сайдаж муудаад явж байхгүй юу. Нөгөө ээж нь хүүхдээ алгадаад болиулахын оронд ус хүртэл цацаад, яагаад ч байгаа юм бүү мэд. Сүүлдээ бүр шал дургүй хүрээд бид тоглохоо бүр больсон. Зайлуул нөгөө Рэнчинтөгс маань л нөгөө мөнгөндөө хоргодоод жаал зууралдсан байх даа. Манай хэдийн зарим нэг нь ч дургүй нь хүрээд мангар бацааныг сэмхэн шоглосон л юм билээ. Тэр нь шоглуулснаа ч мэдээгүй биз. Би ч болж л гэж бодсон.
Бид ч яахав тэгсгээд нөгөө байрны ааштай Машбатын дугуйг унах гээд явдаг болсон юм. Балиар хол л доо. Бөөн шавхайн дундуур алхуулна. Дээрээс нь Машка ч гэж зэвүүн ааштай дурак. Аав нь ч гэж нарийн гэдэг нь жигтэйхэн. Гэхдээ л ингэж тэнэгтдэггүй байсан болохоор яаж ийгээд л тоглоод болдог л байсан юм. Тэгж байтал Өлзийгийн аав нь Малайзаас нэг ногоон бөмбөг авчрав. Тэр ч улаан бөмбөг шиг ойдоггүй байсан л даа. Гэхдээ мань хэддээ л дахиад бөөн баяр хөөр байхгүй юу. Машка яахав нөгөө польш дугуйгаа харамлахаа ч мэдэхгүй, бүгдээрээ дугуйг нь салж унатал унасан даа. Бас тийм байж арай л болохгүй ээ. Саяхан Машка, Өлзий хоёртой таарсан. Амьдрал нь сайхан цэгцэрчихсэн, инээчихсэн л явж байна лээ.
Харин сүүлд дуулах нь ээ, нөгөө бацаан чинь улаан бөмбөгөө хажуу айлынхаа хүүхдүүдэд алдчихсан гэнэ лээ. Биднийг явснаас хойш юун тэр томрох манатай. Нүүр ам нь хөх няц болчихсон л яваа харагддаг сан. Өдийд ч тэр бөмбөг гэж юу байхав. Нөгөө хэд нь тоглож тоглож, хагалаад хаячихалгүй яав гэж. Хөөрхий тэр жаалыг одоо өрөвдөх юм. Хөрш айлын, явчихсан санаатай хогийн гарууд хөөрхий амьтны бөмбөгийг нь эдлэх гэж л элдэв аргаар мань хэдтэй муудалцуулсныг сүүлд нь мэдсэн. Уул нь хамтдаа тоглоод өссөн бол өдийд бид өв тэгш сайхан найзууд байх байсан биз. Гэхдээ өнгөрснийг ямар буцааж болох биш дээ. Тэр жаал одоо хаана яваа бол доо.
No comments:
Post a Comment